Хөгжмийн боловсрол EI хөгжүүлэх хүчин зүйл болох учир - The ONE: Smart Piano

Хөгжмийн боловсрол EI хөгжүүлэх хүчин зүйл болох учир

Хөгжмийн боловсрол EI хөгжүүлэх хүчин зүйл болох учир

Хүүхэд тань EI сайтай болох тусмаа хожмын өдөр таныг асарч халамжилж, хайрлан тэтгэх болно. EI гэдэг Emotion Intelligence юм.

• Хөгжмийн боловсрол EI хөгжүүлэх хүчин зүйл болох учир

— Emotional intelligence (EI), emotional quotient (EQ) буюу эмоцийн оюун нь өөрийн болоод бусдын санаа, сэдэл, хүслийг ойлгох, эмоц-сэтгэл хөдлөлийг ялгаж таних, практик бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд өөрийн болоод бусдын эмоцийг хянах, залж чиглүүлэхтэй холбоо бүхий хувь хүний уян хатан чадварыг илэрхийлдэг ойлголт юм.

Ажил амьдралдаа амжилт олох хүмүүний чадварыг оюун ухааны ердийн тестийн арга ихэнхдээ тодорхойлж чадахгүй байгаагаас шалтгаалан эмоцийн оюун буюу харилцааны оюуны тухай ойлголт үүссэн түүхтэй. Ажил амьдрал нь амжилттай хүмүүс эмоц буюу сэтгэлийн хөдөлгөөнд тулгуурлан бусадтай үр дүнтэй харилцдаг, өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөнийг ч зөв хянаж удирддаг зүй тогтол оюун ухааны талаарх нийтээр хүлээн зөвшөөрсөн уламжлалт ойлголтод багтдаггүй, тестүүд нь ийм чадварыг үнэлдэггүй.

“The EQ Edge: Emotional Intelligence and Your Success” хэмээх алдартай номын зохиогч Стивен. Ж. Стайн, Ховард Э. Бүүк нарын тодорхойлолтоор бол, эмоцын оюун нь “нөхцөл байдлыг зөв ухамсарлаж, нөлөөлөх, бусад хүн юу хүсэж шаардаад байгааг интуиц буюу зөн совингоороо мэдэрч, давуу болон сул талыг нь тодорхойлон, стрессэд баригдалгүйгээр сэтгэл санааг нь эзэмдэх чадвар” юм.
“XXI зуун бол нарийн технологи, мэдээлэл, техникийн дэвшлийн зуун” гэсэн тодорхойлолт бид бүхний амьдралд гүн нэвтэрч хүүхэд хүмүүжүүлэхэд хүртэл чиг баримжаа болж байгаа. Та бид бүгд л эрдэм мэдлэгийн далайтай хүүхдээ эртхэн танилцуулж, олон төрлийн мэдээллийг зөв тусгаж авдаг, оюуны өндөр хөгжилтэй хүн болгон хүмүүжүүлэх хүсэлтэй. Хүүхдүүдийн маань ирээдүйн амжилт, орчин үеийн ертөнцөд дасан зохицох чадвар чухамдаа ийм хүн болж чадах эсэхээс шууд хамаардаг.

Гэтэл хүүхдийн оюуны чадавх эрт хөгжих нь байгалиас заяагдмал хөдөлгөөний идэвх, мэдрэлийн тогтолцоо, сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмж мэдрэхүй үүсэж бүрэлдэх процессыг дарангуйлж, эрүүл мэндэд нь сөрөг нөлөөлөх эрсдэлтэй.

Хүүхдийг өв тэгш бие хүн болгож хөгжүүлэх гэвэл сэтгэцийнх нь оюуны болоод эмоцийн талыг харгалзан, нягт уялдаатай цогц хөгжүүлэх шаардлагатай. Чухам ийм учраас боловсролын стандарт хүртэл хүүхдийн насны онцлогийг харгалзаж хүмүүжүүлэх, хөгжүүлэх, сургах гэсэн цогц зорилго тавьдаг.

Хүүхдийг цогц хүмүүжүүлэхэд хөгжмийн боловсрол маш чухал. Хөгжмийн боловсрол нь хүүхдийн танин мэдэхүйн болоод сэтгэл санааны хөгжилд онцгой сайн нөлөө үзүүлдэг. Үүнд амьдралын дадлага туршлагыг нь системтэй өргөжүүлж, бусдын сэтгэл санааг мэдрэх, ойлгох моралийн хичээл болоод зогсохгүй, хөгжмийн сонсгол, өөрийгөө илэрхийлэх чадварыг сайжруулдаг сайн талтай.

Хүүхдийг дуу хөгжимд ойр байлгах нь уран бүтээлч хувь хүн төлөвших, гоо сайхны мэдрэмж-эмоц хөгжих таатай нөлөөлдөг төдийгүй уран төсөөллийн гайхамшигт, өнгөлөг, үлгэрийн ертөнцөд нэвтрэх үүд хаалга болно. Чухам ийм учраас сургуулийн өмнөх насны хүүхдийг ардын, сонгодог, орчин үеийн хөгжимтэй байнга танилцуулж, ойлгуулах нь өнөөгийн цаг үеийн бодит шаардлага юм.

Дуу хөгжмийн бүтээл, тоглолтыг хүүхдүүдийн хувьд аль болох илэрхийлэл сайтай, сонирхлыг нь татахуйц, хийсвэрлэх сэтгэлгээг нь өдөөн хөгжөөж, бие махбодоороо илэрхийлэн гаргаж болохуйц, бүгдэд хүртээмжтэй байлгахыг хичээх нь чухал.

Хүүхдэд хөгжмийн боловсрол олгохын тулд ямар зорилго тавих ёстой вэ? Юун түрүүнд хөгжмийн соёлын суурь тавьж өгөх, хөгжимд хандах сэтгэл хөдлөлийн болоод ухамсрын хандлагыг нь төлөвшүүлэх, эх орны болоод дэлхийн сонгодог бүтээлүүдтэй танилцуулах, өөрийн гэсэн хөгжмийн таашаал, гоо зүйн орчин бүрдүүлэх, хөгжмийн хийсвэр сэтгэлгээгээ хөдөлгөөнөөр дамжуулж илэрхийлэх хүслийг нь өдөөх, гоо сайхныг мэдрэх, баримжаалах, нарийвчлах чадвартай болгох, уян налархай, өөрийн гэсэн илэрхийлэлтэй байлгах зорилго тавина.
Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд хөгжим хүлээн авч, мэдэрч ойлгох хувийн дадал туршлага бага учраас эмоцийнх нь хариу илрэлийг тодорхойлох үүднээс хэд хэдэн төрлийн хөгжмийн бүтээлийг дахин дахин сонсгоод үз. Ингэж сонсгоход хүүхдийн хөгжмийн дүрслэн ойлгох сэтгэлгээ гүнзгийрч, эмоц буюу сэтгэл хөдлөлийн дадал туршлага нь ихсээд ирнэ.

Дээр нь уран дүрслэлтэй үг яриа, зураг дүрсээр баяжуулж өгөх юм бол хөгжмийн бүтээлийн эмоц дүр төрхийг ойлгож, сэтгэлдээ төсөөлөх чадвар бүр сайжирна. Урлагийн өөр өөр төрөл болох дуу хөгжим, утга зохиол, дүрслэх урлагийг хооронд нь уялдуулж өгснөөр нэг нь нөгөөгөө баяжуулж, хүүхдэд танин мэдүүлэх, сурган хүмүүжүүлэх үр нөлөө нь ихэсдэг.

Хүүхэд дуу хөгжмөөс төрсөн сэтгэгдлээ эргүүлээд биеийн хөдөлгөөн, зурсан зураг, баримлын шавраар тоглох зэрэгтээ тусгадаг нь эмоцоо дуу хөгжмөөр дүрсэлж буй хэрэг бөгөөд соёл, урлагийн мэдрэмжтэй болж буйнх нь баталгаа.

🎹👨‍👩‍👧‍👦🎶Таны хүүхэд болон танай гэр бүлийн бүх гишүүд өөрийн цаг завандаа тохируулан Tөгөлдөр хуур тоглож сурахад Ухаалаг Төгөлдөр хуур тусална🤲🙌